АКАДЕМИЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Б.ПҮРЭВСҮРЭН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЛЭЭ.
АКАДЕМИЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Б.ПҮРЭВСҮРЭН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЛЭЭ.


Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Шинжлэх ухааны академийн 60 жил, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 60 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 11дүгээр сарын 24-ний өдрийн 95 дугаар зарлигаар Академич, шинжлэх ухааны доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер, Барнасангийн Пүрэвсүрэн ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртлээ.

Академич Б.Пүрэвсүрэн нь 1973 онд Болгар улсын Софийн Хими технологийн их сургуульд орж улмаар 1979 онд полимерийн хими технологийн чиглэлээр инженер-химич мэргэжлээр онц дүнтэй төгсөж ирээд 1979 оны 10 дугаар сараас Химийн (хуучин нэрээр) хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш эрдэм шинжилгээний ажилтан, ахлах, тэргүүлэх ажилтнаар дэвшин тасралтгүй 37 жил, 2001-2010 онд хүрээлэнгийн захирлаар, 2013-2021 онд Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгчээр ажилласан байна. Академич Б.Пүрэвсүрэн байгалийн биополимер болох ээдэмцрийг химийн модификацын аргаар боловсруулж шинж чанарыг нь өөрчлөн техникийн зориулалтаар ашиглах онолын болон технологийн үндэслэлийг судлан зарим нэг практикийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний тухайлбал эх орны түүхий эдээр мод, цаас, ханын цаас наах зориулалтын ээдэмцрийн хуурай ба шингэн цавуунууд, усан будаг, шингээгч ба ион солилцогч материал, эпоксидын полимерийн хатууруулагч зэрэг бүтээгдэхүүнүүдийг гарган авч шинж чанарыг нь судлан тогтоосны дээр ээдэмцрийн хуурай ба шингэн цавуу, усан будаг үйлдвэрлэх технологи, стандарт болон техник эдийн засгийн үндэслэл зэргийг боловсруулан батлуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. 

Профессор Б.Пүрэвсүрэнгийн нүүрсний хими технологи, органик ба полимерийн химийн синтез, молекулийн бүтэц байгууламж, шинж чанар ба практик ач холбогдлын талаар химийн шинжлэх ухааны эдгээр салбарт монгол хүний хувьд анхлан хийсэн судалгааны ажлын зарим үр дүнгүүдээс нийт 500 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан. Академич Б.Пүрэвсүрэнгийн олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бүтээлүүдээс нь одоогийн байдлаар гадаадын эрдэмтэд өөрсдийн бүтээлдээ нийт 680 гаруй удаа ишлэл хийсэн байна.

Тэрээр Улаанбаатарын их сургуулийг анх байгуулагдах үеэс (1992) нь одоог хүртэл багшилж органик хими, органик химийн технологи, полимерийн химийн технологийн хичээлүүдийг зааж оюутнуудыг сургаж хүмүүжүүлэх, оюутны курс, дипломын, магистрын болон аспирантурын ажлыг удирдаж хамгаалуулах зэрэг үйлсэд өөрийн мэдлэг оюунаа дайчлан ажиллаж Монгол улсад химич  мэргэжилтэн бэлтгэх үйлст ихээхэн хувь нэмэр оруулсан багш-сурган хүмүүжүүлэгч бөгөөд шавь нар нь шинжлэх ухаан, техникийн салбарт үр бүтээлтэй ажиллацгааж байна.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн эрхэм тандаа эрдмийн хамт олон чинь халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна





 


Бусад мэдээлэл