ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монголын Химийн нийгэмлэг хамтран “ХИМИ-2024” үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” уриан дор 2024 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
“Хим-2024” үндэсний эрдэм шинжилгээний хурлыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” урт, дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд химичдийн оролцоог нэмэгдүүлэх, салбар дундын, салбар дамнасан, үйлдвэрлэгч-эрдэм шинжилгээний байгууллагын хамтарсан судалгаа хөгжүүлэлтийг өргөжүүлэх зорилготойгоор 2 жил тутамд зохион байгуулагдаг бөгөөд энэхүү хуралд химийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас гадна бодлого барьдаг төрийн байгууллага, аж ахуйн нэгжийнхэн оролцож, улс орны болон бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр саналаа солилцож, судалгааны үр дүнгээ танилцуулдаг уламжлалтай.
”Хими 2024” эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хот болон орон нутгийн 11 эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, 12 их, дээд сургууль, УИХ, яам, агентлаг 10, төрийн өмчит үйлдвэрийн газар 2, хувийн хэвшлийн 5 аж ахуйн нэгж, нийт 40 байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцож, Критикал эрдэс, Шатах ашигт малтмал, органик синтез, Экологи, хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл мэнд, Ургамал, амьтны гаралтай түүхий эд, материал, Шинэ материал, Гамшиг судлал, цэргийн хими, химийн боловсрол гэсэн 6 үндсэн салбарт 110 гаруй илтгэлийг хэлэлцүүлнэ. Мөн хурлын үеэр зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд 15 компани, байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ сурталчилж оролцов.
Энэ хуралд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, УИХ-ын гишүүн, доктор Б.Уянга, Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор Д.Баттогтох, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид нар оролцов.
Шинжлэх ухаан технологи, инновацын бодлого болон тогтвортой хөгжил, бүсчилсэн хөгжил, мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа хөгжүүлэлтийн ажлын чиглэл, химичдийн оролцооны талаар илтгэл хэлэлцүүлэв.