Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Шинжлэх ухааны академийн 60 жил, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 60 жилийн ойн босгон дээр химийн ухааны доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер, Пэлжээгийн Одонмажиг ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртлээ.
Доктор П.Одонмажиг нь Монгол орны хүнсний ашигт ургамлын хими-технологийн судалгааг 45 жил явуулан, тэдгээрийг үйлдвэрлэлийн аргаар иж бүрэн боловсруулах технологийн үндэслэл бий болгох, улмаар шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн баримт бичгийг боловсруулж батлуулах, үйлдвэрлэл практикт шилжүүлж нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн ба эх орондоо ургамал, жимсний нүүрс усны молекулын бүтцийн судалгааг эхлүүлсэн анхны эрдэмтдийн нэг юм. Судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнд 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, 14 шинэ бүтээлийн патентын эрх хамгаалж, бүтээгдэхүүний технологийн заавар 30 гаруй, стандарт, техникийн нөхцөл 50 гаруй, жимс, жимсгэнээр төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл 2-ыг боловсруулж, “АПУ” ХК, “Монфреш” ХХК, “Нано-Теа” ХХК, Эрдэнэт, Зүүн хараа, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компани, аж ахуйн нэгжүүдэд шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ажлыг гүйцэтгэж, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Мөн “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчийн үндэсний холбоотой хамтран чацаргана болон бусад жимсийг тарималжуулах, боловсруулах чиглэлээр олон арван аж ахуйн нэгж, хувь хүнд сургалт явуулж, зөвлөгөө өгөн шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд түүчээ болон яваа эрдэмтэн билээ.
Тэрээр эрдэм судлалын ажлын зэрэгцээ МУИС, ШУТИС, Улаанбаатарын Их сургуульд багшилж, Монгол улсад химич, хүнсний химич мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх үйлст ихээхэн хувь нэмэр оруулсан багш-сурган хүмүүжүүлэгч бөгөөд шавь нар нь шинжлэх ухаан, хүнсний үйлдвэрийн салбарт үр бүтээлтэй ажиллацгааж байна.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн эрхэм тандаа эрдмийн хамт олон чинь халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.