ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.
Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны 24 дэх удаагийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан эрхэлсэн алба, судалгаа шинжилгээний ажилдаа идэвх зүтгэл, их амжилтыг гарган салбарын хамт олноо манлайлсан тус хүрээлэнгийн дараах нэр бүхий ажилтнууд хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиудыг хүртлээ. Мөн Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнагдав.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
1. Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Химийн шинжлэх ухааны доктор (Sc.D) ЖАНЧИГИЙН НАРАНГЭРЭЛ
Нүүрс, шатдаг занар, битумт элсний бүтэц, найрлага, шинж чанар, тэдгээрийг хийжүүлэх, шингэрүүлэх, коксжуулах аргаар гүнзгий боловсруулан хийн ба шингэн түлш гарган авах, хатуу түлшний чанарыг дээшлүүлэх чиглэлээр голлон ажиллаж, ХБНГУ, Австрали, Их Британи, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад урт, богино хугацаагаар ажиллан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх эрдэмтэн юм. Тэрээр судалгаа шинжилгээний үр дүнгээрээ 80 гаруй нэгэн сэдэвт бүтээлүүд, хянан магадалсан ном товхимол, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүд хэвлүүлж, хэлэлцүүлэн олон арван оюуны өмчийн бүтээл, стандарт, технологийн зааврыг боловсруулсан бөгөөд докторын судалгааны ажлын үр дүн нь ХБНГУ-д патент болон батлагджээ. 2020 онд “Нүүрсний гидрогенжүүлэлт ба нийлэг нефтийн гидроболовсруулалтын судалгаа” сэдвээр Химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.
2. Эрдэс баяжуулалт, технологийн лабораторийн ажилтан, баяжуулагч, Монгол улсын Зөвлөх инженер БАЛЖИННЯМЫН НЯМДАВАА
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР :
1. Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D), Монгол улсын Зөвлөх инженер ГАНДАНДОРЖИЙН ШИЙРАВ
Монгол орны нүүрсний ордуудын нүүрсний физик-хими, техникийн шинж чанар, химийн найрлагыг нарийвчлан тогтоох, дулааны боловсруулалт, уур-хийн үйлчлэл, хэт авиан кавитацын үйлчлэлээр нүүрсний гүн боловсруулалтын технологийн үндэслэлийг бий болгох чиглэлээр онолын суурь судалгаа, технологийн туршилтуудыг хийж гүйцэтгэдэг нүүрс химийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтдийн нэг юм. Тэрээр Тавантолгой, Шарын голын нүүрсийг пиролиз, уур-хийн аргаар идэвхжүүлэх замаар идэвхжүүлсэн нүүрсэн бүтээгдэхүүн гарган авч ион солилцох болон шингээх, шүүх чадварыг нь туршин тогтоосон бол Шивээ-Овоо, Алагтогоогийн нүүрсний идэвхжүүлэлтийн судалгаанд механохимийн боловсруулалтыг уур-хийн идэвхжүүлэлттэй анх удаа хослуулан ашиглаж шингээгч материал гарган авах технологийг боловсруулсан. Судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнд гадаад, дотоодод эрдэм шинжилгээний өгүүлэл 30 гаруйг хэвлүүлж, мөн тооны өгүүллийг олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад хэлэлцүүлсэн. Технологийн заавар, зохиогчийн эрхийн гэрчилгээ, шинэ бүтээлийн патент 5-ыг боловсруулан батлуулаад байна.
2. Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) АЛЕКСАНДРЫН АРИУНАА
Монгол орны нүүрсний томоохон ордууд болох Шарын гол, Шивээ-Овоо, Алагтогоо, Нарийн сухайтын ордуудын нүүрсийг хими, физик-химийн аргаар боловсруулан хаягдал усанд агуулагдах хүнд, хортой металл ионыг шингээх чадвар өндөртэй шингээгч материал-идэвхжүүлсэн нүүрс гарган авах технологийг боловсруулж, тэдгээрийн шинж чанарыг нарийвчлан судлах чиглэлээр мэргэшсэн тэргүүлэх эрдэмтэн юм. Судалгааны чиглэлээр ХБНГУ, БНХАУ-уудад ажиллан гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдэд олон тооны эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, илтгэл хэлэлцүүлэхийн сацуу 10 орчим Монгол улсын шинэ бүтээлийн патент, ашигтай загвар, технологийн заавруудыг боловсруулаад байна.
3. Захиргаа, менежментийн албаны ажилтан, цахилгаанчин ХАЛТАРДҮҮГИЙН НЯМСҮРЭН
Тус хүрээлэнд 2005 оноос хойш тасралтгүй 20 жил ажиллахдаа эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх аюулгүй таатай орчныг бүрдүүлэх, лабораторийн сорох шүүгээ, бүх төрлийн цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангахад өөрийн ур чадвар, авьяас билгээ дайчлан ажиллаж буй шилдэг ажилтнуудын нэг юм.
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ “ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ТЭМДГЭЭР:
1. Түлшний хими, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) ЖАРГАЛСАЙХАНЫ НАМХАЙНОРОВ
2. Дэвшилтэт материалын хими, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D) УЯАТЫН БАЯРЗУЛ
Хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн, төрийн дээд одон, медаль, салбарын тэргүүнээр шагнуулсан судлаач эрдэмтдэдээ баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь их амжилтыг хүсье!
Бусад мэдээлэл