Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс долоо дахь ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН төрлөө.
Доктор Ж.Дугаржав нь Багануур, Адуунчулуун, Тавантолгой, Шарын гол, Төгрөг нуур, Шивээ овоо, Өвдөг Худаг, Хөшөөт гэх мэт 10 гаруй ордын нүүрсний эрдсийн болон химийн найрлага, бүтцийг судлан ангилал, ашиглах чиглэлийг тогтоон, төвийн бүсийн томоохон орд-уурхайнуудын нүүрсний экологийн чанарыг шинжлэх ухааны үүднээс үнэлж, биотүлш, биохолбогчтой нүүрс, хагас коксон түлш гарган авах шийдлүүдийг боловсруулж, судалгааны ажлын үр дүнгээр дотоод, гадаадад 170 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, сурах бичиг хэвлүүлэн, 14 шинэ бүтээл, патентын эрх хамгаалж, 13 технологийн заавар, улсын стандарт батлуулан, нүүрс боловсруулах үйлдвэр хөгжүүлэхтэй холбоотой баримт бичиг, ТЭЗҮ боловсруулахад чухал хувь нэмэр оруулсан эрдэмтэн билээ.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Дугаржав нь залуу судлаачдад үлгэр жишээ болсон энтрепренер эрдэмтэн бөгөөд гарааны Уужим булган компанийг байгуулан бойжуулж, судалгааны ажлын үр дүнд бий болсон гумины бордоо, гумины хүчлийн бэлдмэл, ялзмагт шаврын бэлдмэл зэргийг үйлдвэрлэж байгаа нь олны танил болсон, эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүд болсон юм. Нүүрснээс гарган авсан гумины бэлдмэлээр Төв цэвэрлэх байгууламж, Эрдэнэт хот, Өвөрхангай аймгийн цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг дарах ажлыг амжилттай хийсэн бөгөөд Эрдэнэтийн цэвэрлэх байгууламжийн 30 мян.м3 лагийг боловсруулж шимт хөрс ялзмаг болгосон нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “100 сая мод” тарих ажил болон уурхайн нөхөн сэргэлтэд ашиглагдаж үр өгөөжөө өгч байна.