БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан Хими, химийн технологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан Хими, химийн технологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2021 оны 05 сарын 20-ны өдөр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан хүрээлэнгийн үйл ажиллагаа, хийгдэж буй судалгааны ажлууд, тэдгээрээс гарсан үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Сайд хүрээлэнгийн судалгааны лаборатори, гарааны компаниудын үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн судлаачдын санаа бодлыг сонссон ба инновацийн бүтээгдэхүүнүүдээр гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхов.

Уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайд “Миний хувьд Химийн хүрээлэнгийн ирээдүйг маш өөдрөгөөр төсөөлж, цаашдаа шинжлэх ухааны томоохон корпораци болох бүрэн боломжтой гэж харж байна. Монгол улсад химийн аж үйлдвэр хөгжих үндсэн суурь болох том, төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэх гэж байна. Засгийн газрын хурлаар танилцуулагдсан 100 төслийн ихэнх нь химийн үйлдвэртэй холбоотой эрдэс баялагийг боловсруулах төслүүд байгаа” гэж онцоллоо.

Мөн тэрээр хэлэхдээ “Ойрын хугацаанд хүрээлэнгүүдийн статусын асуудлыг тодорхой болгох, санхүүжилтийн эх үүсвэр, хүний нөөц, эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн асуудал, тендерт оролцохтой холбоотой зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч, эрх зүйн хувьд тодорхой болгох талаар тооцоо судалгааг хийж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Салбарын сайдын хувьд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай биечлэн, дэлгэрэнгүй танилцаж, тэдний нөхцөл байдал, хийсэн бүтээсэн болон цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлууд, учирч буй хүндрэл бэрхшээлийг цаг зав гарган үзэж, сонссон Л.Энх-Амгалан сайдад судлаачид бид гүн талархаж байгаа бөгөөд санасан, төлөвлөсөн ажил нь биелэхийн ерөөлийг дэвшүүлье.

“Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэсэн ардын үг байдаг. Хийж бүтээх урам, итгэл хайрласан сайддаа баярлалаа.


     






Бусад мэдээлэл