АКАДЕМИЧ Ж.АМГАЛАНГ “ХУБИЛАЙ ХААН” АЛТАН МЕДАЛИАР ШАГНАЖЭЭ
Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар ШУА-ийн ХХТХ-ийн зөвлөх, академич Ж.Амгаланг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг 2017 оны 2-р сарын 3-ны өдөр ХХТХ-ийн хурлын танхимд ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл гардуулан өгөв. Шагнал гардуулах үеэр БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн газрын дарга Т.Ган-Эрдэнэ, ХХТХ-ийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч, доктор С.Энхтуул, Шинжлэх ухаан технологийн газрын, өндөр технологи инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл нар болон бусад эрдэмтэд байлцаж баяр хүргэж үг хэлэв.
Академич Ж.Амгаланг химийн шинжлэх ухаан тэр дундаа хөрсний агрохими, фосфоритын механохимийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналаар шагнасан юм. Тэрээр 1962 оноос эхлэн өнөөг хүртэл Хими, химийн технологийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээний ажилтнаар тасралтгүй 55 жил ажиллаж байна. Тэрээр судалгааны ажлынхаа үр дүнгээр нэг сэдэвт зохиол 4, хамтын бүтээл 9, патент 11, стандарт 14, ТЭЗҮ, технологи 12-ыг боловсруулж, эрдэм шинжилгээний илтгэл 200 гаруйг хэлэлцүүлж, өгүүлэл 300 орчмыг бичиж, хэвлүүлсэн байна.
Бусад мэдээлэл