ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР, ПРОФЕССОР ЛХАСҮРЭНГИЙН ЖАРГАЛСАЙХАН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЛЭЭ
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН  ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР, ПРОФЕССОР ЛХАСҮРЭНГИЙН ЖАРГАЛСАЙХАН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЛЭЭ

Монгол улсад Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсан түүхт 100 жилийн ойн босгон дээр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс найм дахь ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН төрлөө. Тус хүрээлэнгийн захирал, химийн ухааны доктор, профессор Лхасүрэнгийн Жаргалсайхан   энэхүү нэр хүндтэй шагналаар шагнагдсан нь түүний Монгол Улсад химийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд болон Монгол Улсын химийн хорт, аюултай бодис, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоход оруулсан томоохон хувь нэмрийг төр засаг үнэлсэн сайхан үйл явдал болж байна.

Доктор, профессор Л.Жаргалсайхан нь манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулах технологийн чиглэлээр дагнан судалгаа шинжилгээний ажил хийхдээ олон арван эрдэм шинжилгээний бүтээл, технологи, стандарт, оюуны өмчийг боловсруулж, батлуулахын сацуу байгаль орчны салбарт тэр дундаа химийн бодис, хог хаягдлын талаарх хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, химийн бодисын холбогдолтой олон улсын гэрээ конвенцыг Монгол Улсад хэрэгжүүлэх, химийн бодисын зохистой менежмент бий болгож, бохирдлыг арилгах чиглэлд онцгой үр бүтээлтэй ажиллаж, томоохон үр дүнд хүрсэн эрдэмтэн юм.

Тэрээр эрдэм судлалын ажлын зэрэгцээ Монгол улсад химич мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх үйлст хүчин зүтгэсэн багш-сурган хүмүүжүүлэгч бөгөөд эдүгээ шавь нар нь гадаад, дотоодын шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудад үр бүтээлтэй ажилласаар явна.

Түүнчлэн Хими, химийн технологийн хүрээлэнгийн гадаад хамтын ажиллагаа, стратеги төлөвлөлтийг шинэ шатанд гаргаж, судалгааны ажлын онолын түвшнийг дээшлүүлэн, практик үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого боловсруулсан төдийгүй олон улсад өрсөлдөх чадвартай судлаач эрдэмтдийг бэлтгэх, хүрээлэнгийн материаллаг бааз, дэд бүтцийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа шинжлэх ухааны салбарын шилдэг менежер, захирал билээ.   

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн эрхэм тандаа эрдмийн хамт олон нь халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. 





 


Бусад мэдээлэл