Дэлхий нийтийг хамарсан цар тахал Монгол улсад дэгдсэнтэй холбогдуулан тус хүрээлэн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хими-2020” эрдэм шинжилгээний бага хурлаа 11-р сарын 23-24-ний өдрүүдэд цахимаар явууллаа. Хурлын зорилго нь химийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаачдын оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршино. Энэ удаагийн хуралд БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНСУ зэрэг гадаадын улс орнуудын хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран химийн шинжлэх ухааны бүхий л чиглэлийн судалгааны үр дүнг харуулсан нийт 70 гаруй илтгэл ирснээс 53 илтгэлийг аман болон ханан хэлбэрээр хэлэлцүүлэхээр сонгон шалгаруулсан бөгөөд эдгээр илтгэлийн дийлэнхийг эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн залуу судлаачид танилцуулав. Хурлын үйл ажиллагааг нээж ХХТХ-ийн захирал, доктор (Ph.D), профессор Л.Жаргалсайхан хуралд оролцогсдод хандан цар тахлын хөл хорионы энэ өдрүүдэд химийн шинжлэх ухааны судалгааны үр дүнгүүдтэй танилцан тархи оюундаа мэдлэг нэмье хэмээн мэндчилгээний үг хэлж, амжилт хүсэв. Хуралд ХХТХ, МУИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн мал эмнэлгийн хүрээлэн, УГТХ, УАУХ, НЭМҮТ, ТЗИС гэх мэт нийт 9 байгууллагын 120 гаруй судлаач эрдэмтэд ном хаялцан идэвхтэй оролцлоо.
Хуралд оролцогчид
Судлаачид илтгэлээ илтгэж буй байдал