ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТЫН “НЭГ БҮС-НЭГ ЗАМ” ХАМТАРСАН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрдэс боловсруулалтын “Нэг бүс-Нэг зам” хамтарсан лаборатори байгуулах төслийн нээлтийн үйл ажиллагаа болж, уг үйл ажиллагаанд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, академич Т.Ган-Эрдэнэ, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан, эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Аззаяа нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Үйл ажиллагааг нээх ёслолын арга хэмжээнд Хятадын талаас ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Бао Шяньхуа, Монголын талаас ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар үг хэлж хоёр орны шинжлэх ухаан технологийн хөгжилд томоохон хувь нэмэр болохуйц эрдэс боловсруулалтын иж бүрэн хамтарсан лаборатори байгуулах төслийг албан ёсоор нээлээ. Үүний дараа “Нэг бүс-нэг зам” хамтарсан төслийн Монголын талын зохицуулагч, академич Т.Ган-Эрдэнэ, Хятадын талын зохицуулагч Жан Жүн нар илтгэл тавьж төслийн хүрээнд цаашид хийгдэх ажлуудын талаарх тодорхой мэдээллүүдийг хүргэв. Түүнчлэн хамтарсан лабораторийн Эрдмийн зөвлөлийг байгуулсан ба тус зөвлөлийн Монголын талын 3 гишүүний нэгээр академич Т.Ган-Эрдэнэ сонгогдсоныг батламжлав.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хэлэлцүүлэг хэсэгт ЭНБД, доктор Т.Аззаяа “Chemical technological study on the processing of ore bearing rare earth elements in the Khotgor deposit” сэдэвт Хотгор ордын газрын ховор элементийн хүдрийг боловсруулах хими технологийн судалгааны үр дүнгээс болон Органик бус химийн лабораторийн эрхлэгч, доктор Ш.Нямдэлгэр “Chemical technological characterization of tetrahedrite concentrate from Asgat deposit” сэдэвт Асгатын ордын мөнгө-полиметаллын хүдрийг боловсруулах судалгааны дүнгээс тус тус танилцууллаа.
Уг өдрийн үдээс хойшхи хамтарсан лабораторийн эрдмийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд академич Т.Ган-Эрдэнэ оролцож, эрдмийн зөвлөлийн даргыг сонгох, дүрэм батлах, хамтарсан лабораторийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хүлээх үүргийг тодорхойлох зэрэг нийт гурван багц асуудлыг хэлэлцэн батлав.
Бусад мэдээлэл