ЗАВХАН АЙМАГТ “ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН МЕНЕЖМЕНТ, ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ, ашиглалтын үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх бодит мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан таниулах, химийн хорт болон аюултай бодисын менежментийн талаар цогц мэдлэг олгох зорилго бүхий “Химийн хорт болон аюултай бодисын менежмент, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сэдэвт 3 өдрийн сургалтыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн ЭНБД, доктор Т.Аззаяа, Биохимийн лабораторийн эрхлэгч, доктор М.Баяржаргал, Материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч, доктор Г.Оюун-Эрдэнэ, Экологийн химийн лабораторийн эрхлэгч, доктор Д.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдын төрийн байгууллагын ажилтнууд, ард иргэдэд зохион байгуулж ажиллалаа.
Тус сургалтад Завхан аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, Онцгой байдлын алба, Цагдаагийн газрын алба хаагчид, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны ажилтнууд, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийнхөн, “Амь-ус трейд” ХХК-ийн лабораторийн эрхлэгч, Завхан сонин, “Завхан хүнс” ХХК-ний ажилтан болон бусад ТББ-ын тэргүүнүүд, Дөрвөлжин сумын засаг дарга, төрийн албан хаагчид, ард иргэд, Эрдэнэхайрхан сумын ард иргэд, “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн ажилтнууд зэрэг нийт 150 орчим хүн хамрагдав.
Уг сургалтаар Химийн бодисын талаарх ерөнхий ойлголт; Ангилал; Анхааруулах, сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээ; Химийн хорт болон аюултай бодисын хор аюулын лавлах мэдээлэл; Тээвэрлэлт, хадгалалт, ашиглалт болон бодисын хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлыг устгах талаар; Химийн хорт болон аюултай бодисын эрсдэл, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хууль эрхзүйн орчин, Химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, худалдах; Байгууллага, аж ахуйн нэгжийн химийн бодисын менежментийг сайжруулах шаардлага, авах арга хэмжээ; Натрийн цианидын менежмент, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэрэг өргөн сэдвүүдийг хамарсан сургалтын мэдээллүүдийг бэлтгэн хүргэв. Улмаар сургалтын төгсгөлд тухайн сэдвүүдтэй уялдсан иргэдийн асуулга, тодруулгад мэргэжлийн зүгээс хариу тайлбарыг хийж, дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Бусад мэдээлэл