“ХИМИ-2022” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг “ШИНЭ СЭРГЭЛТ-ХИМИЧДИЙН ОРОЛЦОО” уриан дор зохион байгууллаа
“ХИМИ-2022” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг “ШИНЭ СЭРГЭЛТ-ХИМИЧДИЙН ОРОЛЦОО” уриан дор зохион байгууллаа

    

    ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монголын Химийн нийгэмлэг хамтран “ХИМИ-2022” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” уриан дор амжилттай зохион байгууллаа. 
    Улсын Их хурлаас баталсан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт туссан уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх,  нөөцийг зохистой ашиглах, хүнсний хангамж, аюулгүй байдал, байгаль орчны бохирдол, доройтол, цөлжилтөөс сэргийлэх, усгүй технологи, нүүрстөрөгч багатай ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хог хаягдлын менежментийг сайжруулж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нөөцийг хэмнэх зэрэгтэй холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэхэд химичдийн оролцоог тодорхойлох, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ хурлын зорилго чиглэгдсэн.  
    Хурлаар “Шинэ сэргэлт-химичдийн оролцоо”, “Монгол Улсын химийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй”, “Аж үйлдвэрлэлийн бодит хэрэгцээнд тулгуурласан судалгаа хөгжүүлэлт” гэсэн үндсэн илтгэлүүдээс гадна материал судлал, нано технологи, экологийн ба хүрээлэн буй орчны хими, энерги ба ногоон хими, байгалийн нэгдлийн хими, эм судлал, биохими, хүнсний хими, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд, органик хими, полимер ба макромолекулын хими, нефтийн хими, нүүрсний хими технологи, цөмийн болон радио хими, гамшиг судлал, цэргийн хими, химийн боловсрол гэсэн олон салбар чиглэлээр 100 гаруй илтгэлийг хэлэлцэж, санал бодлоо солилцлоо. 
    Мөн түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар зэрэг төрийн байгууллагууд оролцож, шинжлэх ухаан, боловсрол, хүнд үйлдвэр, химийн бодисын менежмент, усны талаар хэрэгжүүлж буй бодлого, өөрийн салбарт тулгамдаж буй асуудал, химичидтэй хамтрах ажлын чиглэлүүдээ танилцуулав. 
    Хуралд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл зэрэг хүндтэй зочид оролцож, үг хэллээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан уг хурлын ач холбогдлыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн 6 сэргэлт, түүн дотроо аж үйлдвэрийн сэргэлтэд химийн шинжлэх ухаан хамгийн чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж, Шинэ сэргэлтийг бодлогод туссан төслүүдийг хэрэгжүүлэхэд 38 мянган инженер шаардлагатай байгаа бөгөөд эдгээр инженерүүдийг бэлтгэхэд дунд сургуулиас эхлэн анхаарч, хүүхдүүдийг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгоход чиглэсэн хөтөлбөр, лабораторийн орчин нөхцөлтэй болгоход анхаарч ажиллана гэв. Хурлаас Монгол Улсад химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, химийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр тулгамдаж буй асуудал, цаашид хийх судалгааны ажлын чиглэлийн талаар тодорхой саналуудыг гаргасныг Л.Энх-Амгалан сайд дэмжин хүлээн авч, Засгийн газарт танилцуулан, ажил хэрэг болгон ажиллахаар болов.





Бусад мэдээлэл