Монгол Улсын Байгаль орчин, аялал жулчлалын яам, НҮБ-ын Аж үйлдвэрийн
хөгжлийн газартай хамтарсан Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн
санхүүжилтээр хэрэгжиж байгаа “УЗОБ-ийн тухай Стокгольмын
конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд БАТ/БЭП нэвтрүүлэх” бүсийн төслийн хүрээнд “Био
хог хаягдлыг ашиглах арга замууд” сэдэвт нэг өдрийн семинарыг 2018 оны 10-р
сарын 18-ны өдөр Дархан-уул аймгийн ЗДТГ-ын байранд зохион явууллаа.
Семинарын зорилго нь оролцогчдод био хог хаягдлын тухай ойлголтыг өгч,
хөдөө аж ахуйгаас гардаг био хог хаягдлыг зүй зохистой ашиглах арга замуудын
талаар мэдлэг, мэдээллийг олгоход
чиглэсэн.
Тус
арга хэмжээнд манай улсын ургамал, газар тариалангийн гол бүс нутаг болох
Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгуудын хүрээлэн буй орчны бохирдол, хөдөө аж
ахуй, үйлдвэрлэлийн асуудал хариуцсан
мэргэжилтнүүд, газар тариалан, фермерийн аж ахуй эрхэлдэг компани болон
хувиараа аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл, ХААИС-ийн багш, оюутан зэрэг 40 гаруй
хүмүүс (нийт оролцогчдын 39 % нь эмэгтэйчүүд) оролцов.
Семинар дээр био хог хаягдлын хэмжээг бууруулах, байгаль орчинд ээлтэй
аргаар боловсруулдаг олон улсад ашиглагддаг тэргүүний арга технологиудын онолын
болон технологийн шийдлүүдийг таниулахын хамтаар өөрийн оронд нэвтрүүлэх нөөц
боломжийн тухай танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Семинарт оролцогчид хөдөө аж
ахуйн хог хаягдлыг ялзмагжуулан био бордоо үйлдвэрлэх, био хий гарган авч,
эрчим хүч болон дулааны зориулалтаар ашиглах техникийн шийдлийн талаар ихэд
сонирхож байв.
Түүнчлэн семинар дээр УЗОБ-ийн тухай Стокгольмын конвенцийн хавсралтад багтсан УЗОБ-пестицидүүд, ил шаталтын дүнд зориудын бусаар үүсдэг диоксин/фурануудын хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор уршгийн талаар танилцуулж, хог хаягдлын тухай хууль эрхзүйн орчны шинэчлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөв..