ШУА-н Хими, Химийн Технологийн Хүрээлэн жил бүр зохион явуулдаг “Хими-2018” эрдэм шинжилгээний бага хурлаа 2018 оны 11-р сарын 16-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд амжилттай зохион байгуулж хийлээ. Энэ жилийн хурлыг тус хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лаборатори үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ойн нэрэмжит болгосон ба тус лабораторийн хамт олон зохион байгууллаа.
“Хими-2018” эрдэм шинжилгээний бага хуралд тус хүрээлэнгий бүх лабораторийн эрдэмтэн судлаачдаас гадна МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль, АШУҮИС-ийн Биоанагаахын сургууль, Эм зүйн сургууль, ХААИС, Монос ЭЗШУИС, Шинэ анагаах ухаан их сургууль, Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн, МААЭШХ, Ургамал хамгааллын хүрээлэн, Монос Эм судлалын хүрээлэн, Номин Холдинг ХХК-ийн Эко Стандарт Лаборатори, Сноуфилдс ХХК, Рэйнбөү файбер ХХК зэрэг 5 их сургууль, 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, 3 хувийн хэвшлийн лабораторийн эрдэмтэн, судлаачид, ОХУ, БНСУ, Польш, БНХАУ-ын эрдэмтэн, судлаачидтай хамтран хийсэн судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэн оролцлоо. Мөн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн ахмад эрдэмтэд, ажиллагсад, энэхүү лабораториос ажил амьдралын гараагаа эхлүүлсэн үе үеийн судлаачид оролцлоо.
“Хими-2018” хуралд Байгалийн нэгдлийн хими, Органик хими, Ерөнхий ба органик бус хими, Экологийн хими, Биохими, Хүнсний хими, Эм судлал, Эмийн технологийн чиглэлээр нийт 50 илтгэлийн хураангуй ирснээс 24 илтгэлийг амаар, 26-г ханан илтгэлээр хэлэлцүүллээ.
Тус хуралд 2 академич, 2 шинжлэх ухааны доктор, 13 Phдоктор, 7 магистр илтгэл хэлэлцүүлсэн ба 7 илтгэгч тойм илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тус хүрээлэнгээс 11 илтгэл амаар хэлэлцүүлсэн бол 13 илтгэлийг бусад байгууллагын эрдэмтэн судлаачид илтгэлээ. Мөн 26 ханан илтгэлээс 13 илтгэлийг тус хүрээлэнгийн судлаачид, 13 илтгэлийг бусад байгууллагын судлаачид илтгэн оролцлоо.
Залуу судлаачдын судалгааны ажлын үр дүнг үнэлэн, тэдний судалгаа боловсруулалтын ажилд урам зориг, чиглэл өгөх, бусдад үлгэр дуурайлал болгох, үүднээс хэлэлцүүлсэн илтгэлүүдийг тодорхой шалгуураар шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнийг МУИС-ийн ШУС, Биологийн Ухааны Сургуулийн, Биохимийн тэнхимийн эрхлэгч, профессор Б.Батжаргал, МУИС-ийн, ХШУИС, Химийн Технологийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Хасбаатар, ШУА, ХХТХ-ийн Хүнсний химийн лабораторийн эшаа, доктор Н.Эрдэнэчимэг нарыг томилон ажиллуулав. Илтгэлийн тэргүүн байрыг ХХТХ-ийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эш-ний дэд ажилтан, магистр Э.Пүрэвдоржийн хэлэлцүүлсэн “Монгол орны Цээнийн төрлийн ургамлуудын уламжлалт анагаах ухааны хэрэглээг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах нь” илтгэл, дэд байрыг мөн тус хүрээлэнгийн Органик бус химийн лабораторийн эш-ний дадлагажигч ажилтан, магистрант Б.Буянхишигийн хэлэлцүүлсэн “Суперкритик усан орчинд мөнгөний нанопартиклыг гарган авах” илтгэл тус тус шалгарч, дурсгалын цом, мөнгөн шагналаар шагнагдав.
Энэ удаагийн “Хими-2018” эрдэм шинжилгээний бага хуралд нийт 120 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, судалгааны ажлын талаараа ярилцаж, санал солилцож, хамтран ажиллах талаар яриа, хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүнтэй боллоо. ХХТХ-гийн судалгаа, шинжилгээ, боловсруулалтыг бусад байгууллага, судлаачдад сурталчлан таниулахад тодорхой үр дүнтэй боллоо.
| |