МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН”-ИЙ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Alternate Text


        Мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжээрээ өөрийн ажиллаж буй салбартаа онцгой амжилт гарган тэргүүлж, үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй шилдэг залуу эрдэмтэнд олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2020 оны шагналыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Органик бус химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Отгоны Насантогтох “Хүнцэл (III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал уснаас зайлуулах шинэ технологи” сэдэвт судалгааны ажлаараа хүртэж, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдлаа.

        Доктор О.Насантогтох нь 2011 оноос хойш тус хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд 2019 онд Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуульд химийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр судалгааны ажлаараа 3 валенттай хүнцэл (As)-ийг озоноор исэлдүүлэн 5 валенттай арсенат хэлбэрт шилжүүлж, үргэлжлүүлэн төмрийн сульфаттай урвалд оруулан 2 шаттай тунадасжуулалтын аргаар уул уурхайн хаягдал уснаас хүнцлийг бүрэн зайлуулах нөхцлийг тогтоожээ. Улмаар технологийн процессын явцад гарган авсан хатуу үлдэгдэлд байгаль орчинд урт хугацаанд эрсдэлгүй хадгалах боломжтой скородит (FeAsO4×2H2O) эрдэс үүссэнийг шинжилгээний аргуудаар нотолсон байна. Тундасжуулалтаар үүссэн хатуу хаягдалд As-ийн уусалтыг шалгаж үзэхэд уусгалтын дараах уусмалд хүнцэл илрээгүй нь АНУ-ын байгаль орчныг хамгаалах агентлагийн (EPA) хоруу шинж чанарыг хянах аргазүйн (TCLP test method 1311) стандартын шаардлагыг хангажээ. Судлаач уг ажлын үр дүнгээ Хятадын оюуны өмчийн газраар баталгаажуулж, шинэ бүтээлийн патентын эрх хамгаалахаас гадна олон улсад нэр хүндтэй, импакт фактор бүхий Hydrometallurgy болон бусад сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлжээ.


Бусад мэдээлэл