“ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” ФОРУМ
“ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” ФОРУМ

Монгол Улсын их хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Монгол улсын Хөгжлийн банкнаас зохион байгуулсан инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг дэмжих зорилготой “'Инноваци ба хөрөнгө оруулалт”' сэдэвт форум 6 сарын 20-ний өдөр болж өнгөрлөө.

Өнгөрсөн тавдугаар сард Шинжлэх ухааны академи болон их сургуулиудын зарим эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилтай танилцсаныхаа дараа Улсын их хурлын дарга Г.Занданшатар өрсөлдөх чадвар бүхий инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэхийн зэрэгцээ инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн улс орнуудын туршлагыг солилцох зорилгоор энэхүү форумыг зохион байгуулахаар санаачилсан байна.

Улсын их хурлын дарга Г.Занданшатар форумын нээлтэд хэлсэн үгэндээ, оюуны чадавхи буюу онцгой чадамжтай хүний нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэж, харин “ноу хау” буюу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд мэдлэг шингээсэн байдал нь дэлхийн 130 орноос 111 дүгээрт оржээ. Энэ үзүүлэлт монгол хүмүүс хэдийгээр оюуны өндөр чадавхитай боловч түүнийгээ ашиглан мэдлэг, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар дэлхийгээс хоцрогдож явааг харуулж байна. Тиймээс өнөөдөр хөндөж буй асуудал инновацийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болох төдийгүй шинжлэх ухаанд суурилсан бүтээн байгуулалтад эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн бүтээлч залуусыг татан оролцуулах боломжийг нээсэн алхам болоосой гэж хүсэж байна” хэмээн онцоллоо.

Форумын үеэр дэлхийн шилдэг инновацийн компаний удирдлагууд манай хүрээлэнгийн эрдэмтдийн туршилт, судалгааны ажлын үр дүнд бий болсон малын арьс ширнээс гарган авсан коллаген уургийн бэлдмэл, хүнсний желатин, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй дауринол, херпес вирусийн эсрэг үйлчлэлтэй талимон тосон түрхлэг, арц болон шилмүүст модны эфирийн тос, ашигтай бичил биетний биобэлдмэлийн цуврал бүтээгдэхүүн зэрэг дэлгэн тавьсан инновацийн бүтээгдэхүүнтэй танилцаж, цаашид өөрсдийн хэрэгжүүлж буй зарим төслүүдэд хамтран ажиллах талаар санал тавьсан юм.

Мөн инновацийн санаа, бүтээл, патентыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад дутагдаж буй санхүүгийн тогтолцоог бий болгох, төр хувийн хэвшлийн хамтран ажиллах шийдлийг тодорхойлсон нь эрдэм шинжилгээний байгууллагын хувьд чухал ач холбогдолтой байлаа.












Бусад мэдээлэл