Лабораторийн анхны үндсийг 1966 онд "Микроэлементийн агрохимийн лаборатори" нэртэйгээр профeссор Ж.Жамсран, Ж.Амгалан нар санаачлан байгуулж, тухайн үед тасгийн эрхлэгчээр нь Ж.Гарьдхүү ажиллаж, Монгол орны хөрсний агрохими, нийт микроэлементийн тархалтын зүй тогтлыг судлан илрүүлж, улмаар монгол орны хөрсний микроэлемент, газар тариалангийн гол районуудын хөрсний хөдөлгөөнт микроэлементүүдийн Мn, В, Сu, Zn, Мо, Со, Ni агууламж, хангамж, тархалтын зураглал, голлох 20 гаруй сангийн аж ахуйнуудын хөрсний агрохимийн зураглалыг анх удаа зохиож, эрдэс, органик ба микро-бордоо хэрэглэх заавар, зөвлөмжийн хамт тэр үеийн ХААЯ-нд шилжүүлж, хэрэгжүүлсэн. 1982 онд лабораторийн үйл ажиллагаа, чиглэл өргөжин “Улс ардын аж ахуйн химижүүлэлтийн тасаг” болж, Монгол орны зонхилох баялаг - фосфорит, хайлуур жонш, зэс-молибден, шил шаазан, эрдэс будгийн түүхий эдийн физик-хими, хими-технологи, баяжуулалтын иж бүрэн судалгаа явуулж, фосфорит, хайлуур жонш, зэс-молибдений хүдрийг баяжуулах 10 гаруй технологи боловсруулж, патентын эрх хамгаалан, Хэнтий аймгийн “Дэлгэрхаан”, “Флюорит”, “Анас”, “Адаг” зэрэг ордын хайлуур жоншны баяжуулалтын технологиудыг боловсруулсан.
Цаашдын хэтийн чиглэлтэй уялдуулан академич Ж.Амгалангийн санаачилгаар 1996 оноос “Фосфоритын механохимийн лаборатори” болж өөрчлөгдөн, лабораторийн эрхлэгчээр академич Ж.Амгалан ажиллаж, Завханы Алдархаан, Цахир-Уул, Хөвсгөлийн фосфоритын Сав газрын Бүрэнхаан, Онгилог нуур, Жанхай, Манхан-Уул, Сүүлтолгой, Бэрх-Уулын ордуудын фосфоритын бодисын бүрдэл, баяжуулах технологи болон минералог-петрограф, хими болон өнгөт, ховор, сарнимал дагалдах элементүүд, байгалийн цацраг идэвхт болон газрын ховор элементийн тархалтын иж бүрэн судалгаа явуулан, фосфоритын хүдрийг экологийн цэвэр, хаягдалгүй шинэ технологи болох механохимийн аргаар боловсруулан Монгол ба АНУ-д патентын 3 эрх хамгаалсан байна.
Цаашид тус лабораторийн судалгааны чиглэл нь шинэ материал, нанотехнологийн чиглэлд төвлөрөн ажиллах болсонтой холбогдуулан 2011 оноос “Материал судлал, технологийн лаборатори” нэртэй болж өөрчлөгдсөн бөгөөд 2010-2017 онд доктор А.Минжигмаа, 2017-2020 онд академич Ж.Тэмүүжин, 2020-2025 онд доктор Г.Оюун-Эрдэнэ нар тус лабораторийн эрхлэгчээр ажиллаж, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл болох нано материалын судалгааг Монгол орны эрдэс түүхий эд дээр явуулж нано бүтэцтэй, өндөр хатуулагтай вольфрамын карбид, молибден болон газрын ховор элемент зэрэг орчин үеийн техник технологид нэн шаардлагатай нэгдлүүдийг байгалийн түүхий эдийг ашиглан гаргах боломжтойг тогтоон манай улсад нано материалын судалгааны үндэс суурийг бий болгосноос гадна Монгол улсад уул уурхай, аж үйлдвэрээс гарч буй хаягдлыг иж бүрнээр нь боловсруулж импортыг орлуулах бүтээгдэхүүнийг гарган авах үйлдвэрлэлийн үндсийг тавих зорилгоор цементгүй барилгын материал болох геополимер бетон, геополимер төст хөнгөн бетон гарган авах судалгааг хийж, оюуны өмчийг хамгаалсан. Мөн байгаль дээр элбэг оршдог шаварлаг эрдсийг дулааны болон механик идэвхжүүлэлтийн дэмжлэгтэйгээр хүчил болон шүлтийн үйлчлэлд оруулан нано бүтэцтэй нүх сүвэрхэг материалыг гарган авсан төдийгүй уусалтын процессын үлдэгдэл болох хүчиллэг, шүлтлэг уусмалыг дахин боловсруулж композит материал, цеолит зэргийг нийлэгжүүлэх боломжтойг тогтоон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи бий болгох шинжлэх ухааны үндсийг боловсруулсан.
2025 оны 4 сард Хими, химийн технологийн хүрээлэнгийн бүтцийг шинэчлэн зохион байгуулсан бөгөөд тус лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлж, “Дэвшилтэд материалын хими, технологийн лаборатори” болж өөрчлөгдөж, лабораторийн эрхлэгчээр доктор Б.Алтансүх ажиллаж байна.
Судалгааны чиглэл
- Эх орны эрдэс түүхий эд (фосфорит, цеолит, цайр, шавар) болон үйлдвэрлэлийн хаягдлын (нүүрсний үнс, зэс баяжуулах үйлдвэрийн хаягдал, төмөрлөгийн үйлдвэрийн хаягдал шаар) боловсруулалт;
- Шинэ материал (нанокомпозит, геополимер, хөнгөн бетон, шилэн керамик, шингээгч материал, нийлэгжүүлсэн цеолит, катализатор);
- Эрдэс бордоо (P, PNK, фосфор-цеолит, фосфор-органик),
- Хөрсний агрохими
Хүний нөөц
Дэвшилтэд материалын хими, технологийн лаборатори (ДМХТЛ)-ийн эрдэм шинжилгээний ажилчид:
- Лабораторийн эрхлэгч, ЭШТА, инженерийн ухааны доктор (PhD) Б.Алтансүх
- ЭШТА, химийн ухааны доктор (PhD) Г.Оюун-Эрдэнэ
- ЭШАА, хүрээлэн буй орчны шинжлэх ухааны доктор (PhD) О.Алтантуяа
- ЭШДэА, химийн ухааны доктор (PhD) Б.Дархижав
- ЭШДэА, техникийн ухааны доктор (PhD) Ц.Золзаяа
- ЭШДэА, химийн ухааны доктор (PhD) У.Баярзул
- ЭШДэА, шинжлэх ухааны магистр (MSc), докторант Б.Даваабал
- ЭШДэА, шинжлэх ухааны магистр (MSc), докторант Л.Мандахсайхан
- ЭШДаА, химийн ухааны бакалавр (BSc), төрийн удирдлагын магистр (MPA), химийн ухааны магистрант Ч.Жавзандулам

Дэвшилтэд материалын хими, технологийн лабораторийн хамт олон
Хэрэгжүүлсэн төсөл (сүүлийн 5 жилийн байдлаар)
1. “Нано бүтэцтэй функциональ материалыг эрдэс түүхий эдээс нийлэгжүүлэх судалгаа болон хэрэглээ” суурь судалгааны төсөл, 2019-2021 он, Удирдагч, академич Ж.Тэмүүжин
Товч мэдээлэл: Монгол орны шаварлаг эрдэс болох каолинит, монтмориллонит, гялтгануурын шаврын эрдэс бүрдэл, химийн найрлагыг тогтоож, шавар болон олон ханат нүүрстөрөгчийн нано хоолойд (ОХННХ) суурилсан нано композит (нано бүтэцтэй функциональ) материалыг нийлэгжүүлэн гарган авах туршилт судалгааны ажлуудыг гүйцэтгэн, гарган авсан шинэ материалын химийн найрлага, бүтэц, шинж чанарыг тодорхойлон, шингээгч материалаар ашиглах боломжтойг тогтоосон.
2. Олон улсын байгууллага болох TWAS-н (TWAS Research Grants Programme in Basic Sciences for individuals) тэтгэлэгт “Synthesis and characterization of mesoporous silica nanoparticles generated from coal ash” суурь судалгааны төсөл (№22-043RG/CHE/AS_I-FR3240325132), 2022-2024 он, Удирдагч, доктор (PhD) О.Алтантуяа
Товч мэдээлэл: Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын шахмал түлшний үнсийг ашиглан мезонүхтэй цахиурын нано бөөм (SNPs) гарган авах гурван шатлалт аргыг боловсруулав. Үнсэнд 73 жингийн хувь SiO₂ агуулагдаж, дулааны боловсруулалт, хүчил болон шүлтийн боловсруулалтаар цэвэр цахиур гарган авсан. CTAB ашигласнаар гарсан SNPs нь 317 м²/г гадаргуугийн талбай, 7.8 нм мезосүвэрхэг бүтэцтэй болж, метилен хөх будаг шингээх чадвар 83% хүрсэн. Эдгээр SNPs-ийг барилгын хөөсөн блокт 1 жингийн хувиар нэмэхэд даралтын бат бэхийг 2 дахин нэмэгдүүлж байсан. Уг судалгаа нь хог хаягдлыг боловсруулах, дэвшилтэт материал гарган авах түүнийгээ барилгын материалын чанарыг сайжруулахад боломжийг харуулж байна.
3. “Байгалийн давснаас шүлт болон дагалдах бүтээгдэхүүн гарган авах технологийн судалгаа” ШУА-ийн суурь, хавсарга судалгааны грант төсөл (ШуАТ-2023/17), 2023-2024 он, Удирдагч, доктор (PhD) О.Алтантуяа
Товч мэдээлэл: Энэхүү судалгаагаар Монгол орны байгалийн давснаас (Шүдэн уул, Сангийн далай, Давсан ширээ) цахилгаан химийн аргаар натрийн шүлт (NaOH) гарган авах боломжийг лабораторийн түвшинд тогтоосон. Давсны уусмал дахь Ca²⁺, Mg²⁺, SO₄²⁻ зэрэг ионуудыг химийн аргаар зайлуулж, цэвэршүүлсэн давсыг электролизд оруулан 68%-ийн гарцтай хуурай шүлт гаргаж авсан. Электролизийн хамгийн тохиромжтой нөхцөл нь 100 г/л NaCl, 6 В хүчдэл, 2 цагийн хугацаа байв. Дагалдах бүтээгдэхүүн болох устөрөгч, хлорын хий ялгарсан. Судалгааны үр дүн нь шүлтийн импортыг орлох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал алхам болж байна.
4. “Эко хөнгөн бетон” ШУА-ийн инновацын грант төсөл (С23/30), 2023-2024 он, Удирдагч, доктор (PhD) Ц.Золзаяа
Товч мэдээлэл: Үйлдвэрлэлийн хаягдлаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болох хөнгөн бетон үйлдвэрлэх зорилгоор, Улаанбаатарын IV цахилгаан станцын нарийн ширхэгтэй хаягдал үнс (70%) болон байгалийн элс (30%)-ийг дүүргэгч болгон ашиглаж, 3.31–6.68 M концентраци бүхий шүлтээр идэвхжүүлэн, 0.15% хөнгөнцагааны нунтгийг нэмэн зуурмаг бэлтгэв. Зуурмагийг 63.2–96°C температурт 16–24 цагийн турш хатаахад, 4 M шүлтийн концентраци, 70°C температур, 24 цагийн хугацаанд гарган авсан геополимер хөнгөн бетон нь 4.8 МПа бат бэх, 390 кг/м³ нягттай байв. Үнсэнд их хэмжээний кальци агуулагддаг тул C-S-H фаз үүсч, мөн содалит (цеолит) үүссэн нь рентген дифрактометрийн шинжилгээгээр тогтоогдов. Үнсний цацрагийн идэвх нь 393 Бк/кг байсан боловч бэлэн бүтээгдэхүүнд 275 Бк/кг болж буурсан.
Хэрэгжүүлж байгаа төсөл
- “Хаягдал үнсийг боловсруулж, шинэ материал гарган авах технологи боловсруулах судалгаа” ХХТХ-ийн үндсэн чиглэлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл (ШУСҮЧ-2023/221), 2023-2027 он, Удирдагч, доктор (PhD) Б.Алтансүх
Товч мэдээлэл: Дулааны цахилгаан станцын үнсэн сангийн үнсний найрлага, шинж чанарыг нарийвчлан тодорхойлж, үнснээс ашигтай нэгдлүүдийг ялган авах технологийг боловсруулж, тэдгээрийн хэрэглээний чиглэлийг тодорхойлон, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг тооцоолно.
- “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг ашиглан бордоо үйлдвэрлэх технологийн судалгаа” Шинжлэх ухаан технологийн захиалгат төсөл (ШУУЗ-2023/294), 2023-2025 он, Удирдагч, доктор (PhD) Г.Оюун-Эрдэнэ
Товч мэдээлэл: Монгол орны фосфоритыг баяжуулж фосфатын баяжмал гарган авах технологийг боловсруулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг ашиглан гарган авсан фосфатын баяжмалыг боловсруулж, дан болон давхар суперфосфат болон азот-фосфорын нийлмэл бордоо үйлдвэрлэх технологийг боловсруулж, үнэлгээ өгөх, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг тооцоолно.
- “VolcaniBlock: Sustainable block Material from Mongolian Volcanic Rocks for Organic Pollutant Removal in Wastewater” Elsevier Foundation санхүүжилтээр хэрэгжүүлж буй грант төсөл, 2024-2025 он, Удирдагч, доктор (PhD) О.Алтантуяа
Товч мэдээлэл: Энэхүү судалгаа нь Монголын галт уулын чулуулаг (цеолит, базальт, перлит)-аас бохирдсон усыг цэвэрлэх зориулалттай VolcaniBlock хэмээх шинэлэг, үр ашиг өндэртэй материал гарган авах юм. Төсөл нь материалын шинжлэх ухаан болон байгаль орчны биотехнологийг хослуулж, бохирдуулагч бодисыг зайлуулах үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд цэвэрлэх байгууламжийн бохир уснаас тусгаарласан бактерийг нэмэлтээр ашиглаж байна. Одоогийн ажил нь блокийн найрлагыг оновчтой болгох, микробын нэгдлийг туршиж үзэх, бохирдсон уснаас органик бохирдуулагч бодис, азот, фосфорыг зайлуулах гүйцэтгэлийг үнэлэхэд чиглэгдсэн. Судалгаа нь Монгол орны галт уулын баялаг нөөцийг ашиглан цахилгаан эрчим хүч шаарддаггүй, өргөжүүлэх боломжтой усны цэвэрлэгээний шийдлийг бүтээж, байгаль орчны нөхөн сэргээлтэд тогтвортой хувь нэмэр оруулахыг зорьдог.