Нийтлэсэн
Монгол Улсад байгалийн ухааны судалгааны анхны бие даасан
хүрээлэн “Байгалийн ухааны хүрээлэн” нэртэйгээр ШУА-ийн харьяанд 1961 онд
байгуулагдсан. Уг хүрээлэн нь физикийн болон химийн салбартайгаар байгуулагдсан
ба химийн салбар нь Ерөнхий хими, Органик хими, Биохимийн нэгжтэй байсан байна.
Байгалийн ухааны хүрээлэнгээс физик, химийн салбарын судалгааны нэгжүүд бие
даан тусгаарлаж, 1964 онд Физик, химийн
хүрээлэнг байгуулсан ба 1968 онд уг хүрээлэн ШУА-ийн ерөнхийлөгчийн 159 тоот
тушаалаар Химийн болон Физикийн хүрээлэн
болон салснаар химийн шинжлэх ухааны судалгааны анхны бие даасан хүрээлэн
байгуулагдаж байжээ. Засгийн газрын 1997 оны 31 тоот тогтоолоор Хими,
хими-технологийн хүрээлэн болж өргөжин, Засгийн газрын 2015 оны 27 тоот
тогтоолоор Хими, химийн технологийн хүрээлэн (ХХТХ) гэж нэр нь өөрчлөгдсөн.
Хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь туршилтаар баталж болохуйц шинэ мэдлэгийг бий болгож дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах, эх орны амьтан ургамал, эрдсийн гаралтай түүхий эдийн хими, физик-хими, биохими, технологийн шинж чанарыг судлан тодорхойлох, тэдгээрийг хувирган өөрчлөх байгаль орчинд ээлтэй хими, биохимийн дэвшилтэт технологи бий болгох, улмаар өгөгдсөн шинж чанартай шинэ бодис, бэлдмэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулахад оршдог.
ХХТХ 1 ба 2 дугаар байр, Эрдсийн технологийн лабораторийн байр гэсэн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалттай 3, судалгааны ажлын үр дүнд бий болсон технологийг турших, бага хэмжээний үйлдвэрлэл явуулах зориулалттай 2 барилгатай. Нийт 135 өрөөтэйгийн 42 нь оффисын, 61 лабораторийн, 32 нь цехийн зориулалтаар ашиглагдаж байна.
Нийт 127 ажилтан ажиллаж байгаагаас эрдэм шинжилгээний ажилтан 104, тэдгээрийн 37.5% нь доктороос дээш цолтой эрдэмтэд байна. Тус хүрээлэнд академич 6, төрийн шагналтан 6, шинжлэх ухааны доктор (ScD)- 6, доктор (PhD) 29 ажиллаж байна.