"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ–2017" ҮЗЭСГЭЛЭН ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭ ТОДРУУЛЛАА
"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ–2017" ҮЗЭСГЭЛЭН ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭ ТОДРУУЛЛАА

Шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж, Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй 97 байгууллагын 300 гаруй инновацийн бүтээгдэхүүнээс шилдгийн шилдэг бүтээлийн шагналыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, БСШУСЯ-ны Шинжлэх ухааны бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал нар гардуулав.

 

                                             

 

2017 оны “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн үзэсгэлэнд тавигдсан эрдэмтдийн бүтээлтэй 4000 орчим иргэд үзэж сонирхлоо. “Шинжлэх ухаан, технологи, инноваци–2017” үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээл” –д дараах инновацийн бүтээл тус тус тодров.

ТЭРГҮҮН БАЙР

Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн С.Батмөнх, Б.Одонхишиг, Б.Жаргалсайхан зохиогчтой “ИЛЧ -2.0 дулааны аккумулятор”

Дэвшилтэт технологи: Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эрдэмтдийн багийн бүтээсэн шөнийн цагийн цахилгаанаар халах фазын шилжилтийн дулааны аккумулятор нь оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл цахилгааныг дулаанд шилжүүлэн хурааж өдрийн турш цахилгаан хэрэгсэлгүйгээр сууцны температурыг 20-24 градуст тогтмол барих хүчин чадалтай.

                                             

 

ДЭД БАЙР

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Отгоо, Ц.Дэжидмаа, Т.Батсүх, Д.Сангажав нарын зохион бүтээсэн “УУРАГ, АМИН ДЭМЭЭР БАЯЖУУЛСАН ЭРДСИЙН ШАХМАЛ ТЭЖЭЭЛ”

Дэвшилтэт технологи: Өвөл, хаврын улиралд даарч, сульдсан малыг өлчиржүүлэх, тэжээлийн шимт бодисын шингэцийг 20-30 %-иар нэмэгдүүлж, зүй бусын хорогдол 10.2% -иар, амьдын жингийн бууралтыг 12.1-13 %-иар бууруулна.

                                              

 

ДЭД БАЙР

“Арьс трейд” ХХК-ийн хэрэгжүүлсэн Ч.Авдай удирдагчтай “Арьс шир боловсруулах процессуудын орчны хэлбэлзлийг тогтворжуулах дэвшилтэт технологи” инновацийн төслийн хүрээнд бий болсон хром хүнд металл давс хүчил агуулаагүй химийн материал ашиглан арьсыг гүн боловсруулах шинэ эко технологи.

Дэвшилтэт технологи: Үйлдвэрийн технологийн явцад гарч буй хром, хүнд металл, давс, хүхрийн хүчил агуулсан хаягдал усыг зогсоож, саарал усыг гаргах, хүний эрүүл мэндэд хоргүй, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийг бууруулах цоо шинэ технологи нэвтрүүлж үйлдвэрлэлтийг 100 хувь амьдралд нэвтрүүлсэн.

ГУТГААР БАЙР

Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны “Уужим булган” ХХК-ийн эрдэмтэн Ж.Дугаржав, Д.Алтанхуяг зохиогчтой “Үнэр арилгагч ях бэлдмэл”

Дэвшилтэт технологи: Цэвэрлэх байгууламжийн лаг, жорлонгийн бохир, эвгүй үнэрийг арилган хоргүйжүүлэн халдваргүйжүүлнэ.

 

                                               

 

ГУТГААР БАЙР

Физик технологийн хүрээлэнгийн П.Золбаяр, Ч.Баясгалан, Г.Бат-Эрдэнэ, У.Батхишигт, М.Бат-Орших зохиогчтой “Усан халаалтын зуухны автомат хяналт, удирдлагын систем”

Дэвшилтэт технологи: Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөөс үүдэлтэй утаат агаарын бохирдлыг бууруулах зорилготой зохион бүтээсэн усан халаалтын зуухыг бүрэн автоматжуулсан техник, програмыг хосолсон биет бүтээл

 

                                              

 

ТУСГАЙ БАЙР

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн доктор Б.Бат-Эрдэнэ удирдагчтай “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох” Шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд судлаач Б.Мөнхдоржийн боловсруулсан “Хорих ялыг дүйцүүлэн хасаж тооцоход хэрэглэх математик статистикийн аргачлал”


ЭХ СУРВАЛЖ:STF.MN



Бусад мэдээлэл
ICCT Podcast episode-7
4 жилийн өмнө
ICCT podcast episode 5
4 жилийн өмнө