Мари Кюри юуны түрүүнд зургийн хавтанг бодвол илүү нарийвчлалтай үр дүн өгдөг цэнэг мэдрэгч багаж ашиглан, дээж доторх ураны атомын тоо нь цацаргалтын эрчимтэй шууд хамааралтайг нээж, Беккерелийн цацаргалт нь ураны атомаас өөрөөс нь гарч байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн ийм цацаргалт хийдэг цорын ганц элемент уран байж таарахгүй гэж таамаг дэвшүүлэн системтэй хайлт хийсний дүнд торий, полоний, радий зэрэг элементүүд аажимдаа цацаргалт хийдгийг олж илрүүлжээ. Үүнээс полоний, радий хоёр нь урьд өмнө мэдэгдэж байгаагүй цоо шинэ элементүүд байсан ба ураны хүдэр дотор бага хэмжээтэй байдаг эдгээр элементүүдийг цэврээр нь ялгаж авахад маш хүндрэлтэй. Жишээлбэл, тэд 1000кг ураны хүдрийг хоёулхнаа боловсруулж 0.1г радийн давс гаргаж авч байсан.
Сүүлд 1911 онд Мари Кюри хоёр дахь Нобелийн шагналаа полоний болон радийн нээлт болон радийг цэврээр нь ялгах арга боловсруулсан ажлаар Химийн шинжлэх ухаанд авсан. Түүний нэг чухал нээлт бол радийгаар шарсан хавдрын эс эрүүл эсийг бодвол хурдан үхэж байгааг нээсэн явдал бөгөөд үүгээрээ тэр орчин үеийн радио цацрагийн эмчилгээний үндсийг тавьжээ. Полонийг нэрлэхдээ Мари Кюри өөрийн төрөлх нутаг, тэр үед гурав хуваагдчихаад байсан Польшийн нэрээр нэрлэсэн юм байна. Пьер Кюри 1906 онд морин тэрэгний ослоор харамсалтайгаар амь үрэгдсэн бол Мария Кюри 1934 онд цацрагийн их тунгаас үүдэлтэй цусны өвчнөөр нас барсан. Түүний хэрэглэж байсан ном дэвтрээс одоо хүртэл эрүүл мэндэд аюултай хэмжээний цацраг ялгарч байдаг аж.
Хамгийн олон Нобелийн шагналтантай гэр бүл.
Мари болон Пьер Кюригийн гэр бүл хамгийн олон Нобелийн шагналтай гэр бүл юм.
Мадам Кюри, Пьер Кюри нар 1903 онд Нобелийн шагналыг Физикийн салбарт хүртэж, 1911 онд Мари дангаараа Химийн салбарт хүртэж байв. Ингэснээр тэрээр Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй, хоёр удаа Нобелийн шагнал хүртсэн цорын ганц эмэгтэй, Нобелийн шагналыг хоёр өөр салбарт хүртсэн анхны бөгөөд хоёрхон эрдэмтний нэг болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.
Мари, Пьер нар хоёр охинтой байсан бөгөөд том охин Ирен Жолио-Кюри, түүний нөхөр Фредерик Жолио-Кюри нар хамтдаа 1935 онд Химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бол бага охин Евагийн нөхөр Генри Ричардсон Лабиусс НҮБ -ийн Хүүхдийн Сангийн нэрийн өмнөөс 1965 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байжээ.