ЭМГЭНЭЛ
ХИМИЙН УХААНЫ ДОКТОР, МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЖИГЖИДСҮРЭНГИЙН ДУГАРЖАВ
(1945-2025)
Монгол улсын химийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, Монгол Улсад нүүрсний химийн судалгаа, шинжилгээний ажлыг анхлан эхлүүлэгчдийн нэг, бид бүгдийн хамтран зүтгэгч, хайрт багш, удирдагч Жигжидсүрэнгийн Дугаржав 2025 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.
Жигжидсүрэнгийн Дугаржав нь 1945 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод мэндэлж, Архангай аймгийн төвийн 10 жилийн сургуулийг 1963 онд, МУИС – ийг 1968 онд тус тус дүүргэн, химич мэргэжил эзэмшиж, 1984 онд химийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ж.Дугаржав нь Говь-Алтай аймгийн Алтай хот дахь Анагаах ухааны дунд сургуулиас ажлын гараагаа эхэлж, 1975 оноос ШУА–ийн Биологи, байгалийн нэгдлийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний дадлагажигч, дэд, ахлах, тэргүүлэх ажилтан, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байв.
Ж.Дугаржав нь 1988 онд хамтран зүтгэгчдийн хамтаар Нүүрсний хими, технологийн лабораторийг байгуулан, эрхлэгчээр нь 1990-2008 онуудад ажиллаж, Монгол орны олон ордын нүүрс, шатдаг занарын найрлага, бүтэц, ангилал, ашиглах чиглэлийг тогтоох, Монгол Улсад нүүрс, кокс химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг бий болгох чиглэлээр 50 шахам жил ажиллахдаа мэргэшсэн олон судлаачдыг төрүүлсэн манай нэрт химич-эрдэмтэн, авьяаслаг зохион байгуулагч, шилдэг сурган хүмүүжүүлэгч байсан юм.
Доктор Ж.Дугаржав нь нүүрснээс гумины хүчлийн бэлдмэлүүд, кокс, адсорбент, шингэн ба хийн түлш, утаагүй цэвэр түлш гарган авах технологиудыг боловсруулж, гумины бордоо, гумины хүчлийн бэлдмэл, ялзмагт шаврын бэлдмэл зэрэг инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарааны “Уужим Булган” компанийг үүсгэн байгуулж бойжуулан, бүтээлүүдээ үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шилдэг судлаач билээ.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2023 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээж, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Алтан гадас” одон, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдэг, “ШУА-ийн алтан медаль”-иар тус тус шагнасан байна.
Доктор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Жигжидсүрэнгийн Дугаржавын алдар гавьяа, ажилч хичээнгүй, нягт нямбай зан чанар, хөдөлмөрч, үнэнч шударга, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр нь бидний сэтгэл, зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
Бусад мэдээлэл