ШУА-ИЙН ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН “ХИМИ 2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Эрдэм шинжилгээний ажилтны баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурал “Хими-2019” -ыг Монгол Улсын Төрийн соёрхолт, химич, доктор Банзарын Доржпаламын мэндэлсний 70 насны ойд зориулан, нэрэмжит болгон 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Доктор Б.Доржпалам нь 1972 онд ЗХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг амжилттай дүүргэн, ШУА-ийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар орж, тус хүрээлэнгээс ажил амьдралын гараагаа эхэлсэн. Хүрээлэнд нийтдээ 26 жил тасралтгүй ажиллахдаа 16 жил Химийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж, Монгол улсад шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын онолын түвшинг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэр практикт нэвтрүүлэхэд бие, сэтгэлээ зориулсан авъяаслаг эрдэмтэн хүн байсан.
Төрийн соёрхолт Б.Доржпалам агсаны санаачилж, эхлүүлсэн олон ажил өнөө цагт үргэлжлэн өргөжин хөгжиж байна. Тухайлбал, 1993 онд Химийн хүрээлэнгийн “Эрдэм шинжилгээний бүтээл”-ийг анх удаа англи хэл дээр өөрөө орчуулж, эрхлэн гаргасан нь англи хэл дээр гаргаж буй “Mongolian Journal of Chemistry” сэтгүүлийн эхлэл байсан бөгөөд уг сэтгүүл 2019 онд Elsevier хэвлэлийн компанийн Scopus мэдээллийн санд бүртгүүлсэнийг хэлэхэд тун таатай байна. Тус хүрээлэнгийн Биохимийн лабораторид явуулж байсан уурагт түүхий эд, бүтээгдэхүүний судалгааны ажлын цар хүрээ өргөжин, хэд хэдэн шинэ төрлийн бүтээгдэхүүний технологийг бий болгосон.
Энэхүү хуралд химийн бүхий л чиглэлийн нийт 42 илтгэл ирсэн бөгөөд энэ чиглэлээр судлагаа хийдэг судлаачдаас гадна хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээ, шинэ бүтээгдэхүүнийхээ талаар танилцууллаа.