ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТҮҮХЭНД АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРЛӨӨ
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойн энэ өдөр УИХ-ын гишүүн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Дүгэрийн Рэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн баатар” цол хүртэн, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнагдсан нь манай хүрээлэнгийн түүхэнд тэмдэглэгдэх онцгой үйл явдал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс “Хөдөлмөрийн баатар” цолтон төрсөн баярт өдөр байлаа.
Академич Д. Рэгдэл 1976 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажлын гараагаа эхэлж, эрдэм шинжилгээний дэд ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар, Шинжлэх ухааны академид Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн албыг хашсан эрдэмтэн, удирдагч, одоо шинжлэх ухааны салбарыг төлөөлөн УИХ-д сууж байгаа төрийн түшээ билээ.
Хагас зуун жил тасралтгүй шинжлэх ухааны салбарт ажиллахдаа Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх, шинжлэх ухааны байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, ажиллах орчин нөхцөл, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахын төлөө ихээхэн хүчин зүтгэл гаргаж ажилласан салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, ард түмэндээ танигдсан хүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм хүндтэй цолоор шагнагдсанд төрлөх хүрээлэнгийнх нь хамт олон гүнээ баярлаж, талархан хүлээн авч байна.
Эрхэм академич, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Рэгдэл танд эрдмийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, цаашдын үйл хэрэг, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН