Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Радарын L болон C сувгийн мэдээг ойн судалгаанд ашиглах нь
Радарын L болон C сувгийн мэдээг ойн судалгаанд ашиглах нь

Орчин үед, радарын тандан судалгаа нь ойн экосистемийг судлах, хянах, үнэлэх өндөр түвшингийн технологиудын нэгэнд зүй ёсоор тооцогдож байна. Ялангуяа синтетик апертурт радарын L болон C сувгийн мэдээ нь ойн бүтэц, биомасс, чийгшил, өөрчлөлтийн динамикийг судлахад өргөн ашиглагдаж байгаа бөгөөд эдгээр сувгууд нь долгионы урт, сарнилын шинж чанараараа ялгаатай тул ойн янз бүрийн давхарга, бүтэцтэй харилцан үйлчлэлцэж, өөр өөр мэдээллийг өгдөг. Иймээс L болон C сувгийн өгөгдлийг дангаар нь болон хослуулан ашиглах нь ойн судалгаанд илүү гүнзгий, нарийвчилсан үр дүнг гаргах боломжийг бүрдүүлдэг.


Зураг 1. Синтетик апертурт радарын ерөнхий зарчим

Ерөнхийдөө, L сувгийн радарын долгион (ойролцоогоор 18–30 см урттай) нь ой болон ургамлын бүрхэвчийг илүү сайн нэвтлэх чадвартай байдаг. Энэ нь ойн модны дотоод бүтэц, тухайлбал модны их бие, том мөчир, хөрсний гадаргуу хүртэл хүрч буцаж ойх боломжийг олгодог. Үүний үр дүнд L сувгийн өгөгдөл нь ойн биомасс, модны өндөр, эзлэхүүн, нягтшил зэрэг бүтцийн үзүүлэлтүүдийг үнэлэхэд онцгой ач холбогдолтой. Судалгаануудын үр дүнгээс харахад, L сувгийн сарнил нь газрын дээрх биомасстай өндөр хамааралтай байдаг тул нүүрстөрөгчийн нөөцийг тооцоолох болон уур амьсгалын өөрчлөлтийн судалгаанд өргөн хэрэглэгдэж байна. Ялангуяа, халуун орны өтгөн ой, шилмүүст болон холимог ойд L суваг нь газрын гадаргын болон доод давхаргын мэдээллийг илүү сайн илэрхийлдэг.

Харин C сувгийн радарын долгион (ойролцоогоор 5–8 см урттай) нь богино долгионы шинж чанартай тул ой болон ургамлын дээд хэсэг буюу навчис, нарийн мөчир, гадаргуугийн бүтэцтэй илүү хүчтэй харилцан үйлчлэлцдэг. Иймээс C сувгийн өгөгдөл нь навчисын нягтшил, ургалтын үе шат, улирлын өөрчлөлт, чийгшлийн нөхцөл байдлыг тодорхойлоход тохиромжтой. Жишээлбэл, C сувгийн мэдээг ашиглан ойн улирлын динамик өөрчлөлт, навч дэлгэрэх болон унах үе шатыг ажиглах боломжтой. Мөн хөрсний чийгшил болон гадаргуугийн барзгар байдалд мэдрэмтгий тул ой, хээрийн бүсийн усны горим, хуурайшилтыг судлахад чухал үүрэг гүйцэтгэнэ.


Зурагт 2. Радарын долгионы сарнилын хэлбэрүүд

Радарын технологийн нэг том давуу тал нь үүл, манан, цаг агаарын нөхцлөөс үл хамааран мэдээлэл цуглуулах чадвар юм. Энэ нь ялангуяа үүлшил ихтэй бүс нутагт оптик мэдрэгчийн хязгаарлалтыг даван туулах боломжийг олгодог. Синтетик апертурт радарын бүх л сенсор нь өдөр, шөнийн аль ч цагт мэдээлэл авах боломжтой тул олон цаг хугацааны судалгаанд онцгой тохиромжтой. Ийм өгөгдлийг ашиглан ойн модны өөрчлөлтийг урт хугацаанд хянах, ойн доройтол, хууль бус мод бэлтгэл, ой, хээрийн түймэр зэрэг байгаль орчны сөрөг үзэгдлийг илрүүлэхээс гадна, түймрийн дараах нөхөн сэргээлтийг үнэлэх боломжтой.

L болон C сувгийн өгөгдлийг хослуулан ашиглах нь ойн судалгаанд илүү иж бүрэн ойлголтыг өгдөг. L суваг нь ойн гүн дэх олон давхаргын мэдээллийг өгч байхад, C суваг нь ил гадаргуу болон дээд титэм хэсгийн мэдээллийг илэрхийлдэг тул эдгээрийг нэгтгэснээр босоо бүтцийн талаар илүү нарийвчилсан мэдээллийг гарган авч болно. Жишээлбэл, энэхүү 2 сувгийн өгөгдлийг нэгтгэн машин сургалтын аргуудтай хослуулах замаар ойн төрлийг ангилах, биомассыг өндөр нарийвчлалтай тооцоолох боломжтой. Мөн полариметрийн болон интерферометрийн технологиудыг ашигласнаар ойн өндөр, бүтцийн параметрүүдийг маш өндөр нарийвчлалтай тодорхойлох боломж улам нэмэгдэж байна. Иймд, цаашид ойн судалгааны үр дүнг улам сайжруулахын тулд радарын олон сувгийн өгөгдлийг шинэ алгоритм, хиймэл оюуны аргуудтай хослуулан ашиглах нь зүйтэй юм.


Зураг 3. L болон C сувгийн мэдээ ашиглан ойн өөрчлөлтийг судалж байгаа нь

 

 

Мэдээг бэлтгэсэн:     Д.Амарсайхан, Д.Энхжаргал, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн

 

 

Эх сурвалжууд:

 


Бусад мэдээлэл
Сургалтын зар
1 сарын өмнө